Мартын бэлгээ маргаангүй сонгох нь

March 2nd, 2009 Оруулсан: info | FТөрөл: Баяр ёслол.

8martУдахгүй эмэгтэйчүүдийн баяр болох нь. Бид хайртай ээжийгээ, халамжит ханиа, хөөрхөн охиноо, ангийн найзаа, хамт ажиллагсдаа баярлуулах нэгэн боломж нээгдэнэ. Бид чинь ойр дотны хүмүүсээ тэр бүр, өдөр болгон баярлуулаад байж чаддаггүй шүү дээ.

Хайртай бүсгүйдээ юу өгөх вэ?     
          Хамгийн энгийн, сонгодог бэлэг бол гоёл чимэглэлийн үнэт эдлэл юм. Энгийн гэдэг нь нийт эмэгтэйчүүдийн бараг 99 хувь нь ийм бэлэг авахдаа дуртай байдаг учраас эрчүүдэд ч гэсэн илүү юм бодож олох гэж толгойгоо гашилгах хэрэггүй байдаг. Нэгэнт 100 эмэгтэйн 99-д нь таалагддаг учраас сонгодог гэж байгаа гэсэн үг. Гэхдээ маш үнэтэй бэлэг бол төрсөн өдөрт юм уу шинэ жилд зориулагддаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Тиймээс та үнэт эдлэл авч өгөхийг бодоогүй, тэгээд ч түрийвчний чинь хэмжээнээс хэтрээд байвал энэ тухай мартаж болно. Мартын бэлэг бол хэт өндөр үнэтэй биш, чамин, сонин, гоёмсог байх хэрэгтэй. Жишээ нь вааранд тарьсан амьд цэцэг, гоёмсог бээлий, бүс ч юм уу гоёл чимэглэлийн зүйлүүд аятайхан бэлэгт тооцогдоно. Найз бүсгүй чинь их мөрөөдөмтгий хүн бол гоёлын лаа, ваар, сав, ил захидал, ванны давс гэх мэт зүйлүүд таалагдаж мэднэ. Харин мөрөөдөмтгий биш, илүү амьдралд ойр бэлгэнд дуртай бүсгүйд гэрэл зургийн чамин жааз, тодорхой ажил үүрэг гүйцэтгэхүйц бэлэг дурсгалын зүйлс илүү зохимжтой. Залуу бүсгүйчүүдийн хувьд зөөлөн тоглоом, хөгжмийн диск, бяцхан ороолт, таны өөрийн гараар хийсэн гэрэл зургийн сонин жааз, цэцэг гэх мэт сэтгэл хөдөлгөхүйц бүх бэлэг таалагдана. Бэлэг чинь чамин, гоёмсог, залуу нас, цог золбоог илтгэж байх учиртай.

Хайртай ээждээ юу бэлэглэх вэ?
              Ээжид зориулсан бэлэг мэдээж зохих хэмжээний үнэтэй, ач холбогдолтой байх ёстой. Сүүлийн үөд гарсан сонирхолтой, хэрэгтэй, сайхан ном, энгэрийн зүү мэтийн чимэглэл, үнэт эдлэл биш ч гоёл чимэглэлийн зүйлс, төрөл бүрийн хоолны гарын авлага, зурагт ном, том, гоёмсог алчуур зэрэг нь ээж нарт таатай бэлэг байдаг. Хэрвээ ээж чинь тун ажил хэрэгч хүн бол бэлэг нь нүдийг нь баясгах гоёмсгоос гадна чухал үүрэгтэй байвал тун зүгээр. Жишээлбэл сэрүүлэг, тооны машин зэргийг багтаасан бяцхан, өвөрмөц, чамин ширээний цаг ч байж болно. Магадгүй ээжийнхээ сонирхдог, дуртай зүйлийг нь авч өгч ч болно шүү дээ. Юм нэхэх дуртай бол ховор, гоёмсог утаснууд, гэрийн ажилтай бол гоёмсог цүнх ч байж болно.

Хөөрхөн охиндоо юу бэлэглэх вэ?
            Цэцэг цэврүү шиг хөөрхөн охид хамгийн сайхан бэлгийг авах ёстой нь мэдээж. Ямар ч хуучин, үөэ өнгөрөөсөн бэлэг байж болохгүй. Бүх зүйл хамгийн шинэ, хамгийн гоёмсог байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Наснаас нь хамаарч ярьдаг явдаг хүүхэлдэйнээс эхлээд охидод зориулсан гоо заслын хэрэгсэл, үсний гоёмсог хавчаар, боолтнууд, хүүхдийн компьютөр, элөктрон тоглоомууд, хувцас, гоёмсог хайрцаг гэх мэт бүх төрлийн хурц тод өнгөтэй, гоёмсог бэлгүүд таалагдана.

Хамт ажилладаг бүсгүйчүүдээ яах вэ?
            Мэдээж хамт ажилладаг бүсгүйчүүд чинь ч таны анхаарлын гадна үлдэх ёсгүй. Бэлэг чинь найз нөхөрлөлийн илэрхийлэл ч байж болно, ажил хэргийн чанартай ч байж болно. Харин чин сэтгэлээсээ өгч байгаа чинь илрэх ёстой. Ил захидал, цэцэг, амтатны цуглуулга, гоёмсог хуанли, чамин бяцхан бэлэг дурсгалын зүйлс байж болох бөгөөд эдгээр нь та нарын нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг чинь сайжруулдаг.

          Ертөнцийн сайхан бүсгүйчүүд өөрсдөө эрчүүдийн амьдралыг чимэглэх гэж ирсэн бэлэг юм шүү дээ. Тэднийгээ баярлуулж явъя. Бэлэг багаддаггүй.

Түлхүүр үг: ,

3 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. nik | 5/03/09

    tiim shuu beleg bagaddagguy

  2. oogii | 6/03/09

    Ертөнцийн сайхан бүсгүйчүүд өөрсдөө эрчүүдийн амьдралыг чимэглэх гэж ирсэн бэлэг юм шүү дээ. Тэднийгээ баярлуулж явъя. Бэлэг багаддаггүй.

    ene ug unheer taalagdalaa yagaad zaawaal beleg gej setgelin ugtei el zahidal ch bas saihan bich gejuu

  3. taalda | 5/01/10

    Unselt beleg shu de

Сэтгэгдэлээ үлдээх