Хайртай хүндээ үнэн сэтгэлээ илчлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог юм билээ
February 11th, 2008 Оруулсан: admin | FТөрөл: Найз сайтууд.Хасар Жагаа манай уншигчдын асуултанд хариулж байна.
- Би таныг хүндэлж явдаг, тоглосон жүжиг кино бүрийг үздэг. Саяхандаа ТВ-ээр их сургуулийн оюутан болдог /уучлаарай нэрийг нь мартчихаж/ киног үзсэн. Энэ таны анхны кино байсан уу? Ер нь кинонд тоглох, жүжигт тоглох 2-ын ялгаа юу вэ?
- Тийм ээ, энэ 1987 онд гарсан “Хүний хүн” гэж кино л доо. Миний тоглосон анхны кино, бас хамгийн анхны ардчилсан үзэл бодол тусгагдсан, шударга зүйлийн төлөө тэмцэхийг нийгэмд уриалсан кино байсан юм. Мэдээж кинонд тоглох, жүжигт тоглох хоёр ялгаатай л даа. Кинонд хүн яг л байгаагаараа тоглох ёстой. Илүү тоглолт шаардагдахгүй. Яг тэр дэлгэцийн хэмжээнд гарахад тааруулж найруулагч, зураглаач нар маань ийшээ ингэж яв, түүнээс хэтэрч болохгүй гээд л зааварчилгаа өгнө. Харин тайзан дээр бол үзэгчидтэй амьд харьцаанд ордог. Арай хэтрүүлэгтэй тоглодог гэх юмуу даа. Наад зах нь үзэгчдийн суудлын 2-р эгнээнд ч, 20-р эгнээнд ч үгээ тод хүргэхийн тулд арай чанга ярих ёстой болно. Мөн нүүрний будалт илүү тод хийлгэх гээд л олон ялгаа бий дээ.
- Таны хамгийн азжаргалтай мөчүүд хэзээ тохиож байв?
- Хамгийн аз жаргалтай мөч гэвэл мэдээж Уугийтайгаа хуримаа хийж байсан үе. 1985 оны 7-р сарын 22-нд бид хоёр гэрлэж, монгол улсын гэр бүлийн тоог нэгээр нэмлээ гээд бөөн баяр болж байлаа. Бас анхны хүүхдээ төрөхөд маш их баярласан. Ер нь хүний амьдралд аз жаргалтай мөч маш олон шүү дээ.
- Та өөртөө тулгарсан зовлон бэрхшээлийг яаж туулдаг вэ? Хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?
- Би өөрийгөө их сэтгэлийн тэнхээтэй гэж боддог. Аливаа юмыг шууд сэтгэл хөдлөлөөрөө шийдэх үе ч байлаа. Зарим үед огцом шийд гаргах нь зөвдөх үе бий шүү дээ. Одоо аливаа зүйлд хүлээж авснаараа эрс шийдэмгий, огцом хариу өгөхөө ч байж дээ. Юмыг харьцангуй бодож тунгааж, зөв бурууг нь олох гэдэг болж. Тэгээд л ер нь ихэвчлэн зөв талдаа л шийд гаргаад байх шиг байдаг юм.
- Та анхны хайртайгаа хэдэн насандаа учирсан бэ? Мөн анхны хайрынхаа дурсамжаас хуваалцаач.
- Оюутан байхдаа, Эхнэр маань миний анхны хайр. Мэдээж анхны гэдэг утгаараа бүх л зүйл дурсамжтай сайхан байсан.
- Хасарын дүрд тоглосон чинь их таалагддаг. Энэ тухайгаа нөхөртөө ч хэлж байсан. Манай нөхөр одоо хүртэл намайг Хасар Жагаатай харддаг шүү. Хэ хэ.
- Хардалт бол байх ёстой зүйл л дээ. Биенээ огт анзаарч анхаарал тавихгүй, хайхрахгүй, зөнд нь хаяад л яваад байвал тэр амьдрал юу болох юм бэ? “Хайр гэдэг хардалт” ч гэдэг. Мэдээж хэн ч гэсэн эхнэрээ, нөхрөө харамладаг шүү дээ. Тэгэхээр хар бол мэдээж байж л таарна. Гэхдээ түүнийг зохих хэмжээнд нь байлгах ёстой. Хардалтаас болж амьдралаа бусниулж болохгүй. Үнэхээрийн шалтгаантай хардалт уу, эсвэл хайрын хардалт уу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хасарын дүртэй эхнэрээ хардаж байна гэдэг хайрын хардалт л байх гэж бодож байна.
- Таныг Драмын театрын нүүр царай болсон жүжигчин гэж хүндэлж явдаг. Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье. Та яаж ажилдаа ч, амьдралдаа ч үлгэр жишээ, өв тэгш байж чаддаг нууцаа дэлгээч?
- Тухайн хүнээсээ л шалтгаална л даа. Ер нь бид энэ хорвоод яах гэж төрсөн юм бэ. Мэдээж зөв зам, зөв голдирлоор л ажил амьдралаа зохицуулж явах хэрэгтэй болохоос биш илүү дутуу зан хэрэггүй л дээ. Би 3 сайхан хүүхэдтэй, сайхан эхнэр, сайхан ээж, ах эгч нартай. Эднийхээ, бас энэ сайхан амьдралынхаа төлөө л явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд найз нөхөд, бүр цаашилбал улс эх орон, эзэмшээд явж байгаа ажил, урлагийнхаа төлөө л ажиллаж амьдрахын төлөө явдаг. Надад сайн сайхан зүйл бүгд л байгаа учраас илүү юм хэрэггүй. Ийм бодолтой л байвал хүн өөрөө өв тэгш байдлыг бий болгох байх л даа. Би урьд нь өөрийгөө яг тийм өв тэгш явж байна гэж хүнээс сонсож байгаагүй ээ, би ч бас өөрийгөө өв тэгш байж чаддаг эсэхээ мэдэхгүй.
- Олон жилийн өмнө Уранаа та хоёрын ярилцлагыг уншиж байсан юм. Тэр ярилцлагад та хоёрыг Москвад сурч байх үед Уранаад өөрөөс тань гадна танай сургуулийн 2, 3 банди бас санаатай эргүүлж байсан гэдэг. Тэд нараас одоо олонд танигдсан жүжигчид болж чадсан уу?
- Манай жүжигчний сургуульд сурж байсан хүүхдүүдийн дунд бол байгаагүй л дээ. Яагаад гэвэл би сайн болчихсон учраас манайхан чинь намайг харангуут л сүрдэнэ биз дээ. Харин Эрхүүгийн бэлтгэлд байхад хэд хэдэн тийм залуучууд байсан юмаа. Манай Уугий үнэхээр хөөрхөн охин байсан болохоор залуучууд харна, дагуулж кино үзнэ. Тэр болгоныг би “чка” харна шүү дээ. Тэгээд л би тэр нөхдүүдийг дуудаад “Энэнээс хойш та нар ингэж явахгүй шүү. Энэ хүнийг би авч сууна, би жаргааж чадна, та нар харж байгаарай” гэсэн. Тэр үед ч сайхан байж дээ. Өнөө нөхдүүд “За чи Уранааг сайхан жаргаагаарай, харна аа бид нар” гээд л. Одоо бүгдээрээ сайн явж байгаа. Хааяа таарахаараа мэндийн зөрүүтэй явдаг юм. Тэд нар одоо сайхан явж байгааг харж байгаа л байх гэж бодож байна ш дээ.
- Таныг КУДС-д багшилж байгаа гэсэн. Одоо ийм олон жүжигчин, найруулагч бэлтгэх хэрэгтэй юмуу?
- Эхнэр бид хоёр хоёулаа багшилж байгаа. Монгол улс маань том хэмжээний мэргэжлийн нэг театртай ч хошин урлагийн, драмын чиглэлээр ажиллаж байгаа олон продакшнууд ч бас байна. 21 аймагт бүгдэд нь Хөгжимт драмын театр бий. Тэгэхээр сургууль байх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм. КУДС-д суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хотынх байдаг. Тэгэхээр хөдөө орон нутгийн хэдэн хүүхэд нь эргээд нутагтаа очиж ажиллах уу, үгүй юу? Эргэлзээтэй л асуудал. Тиймээс хөдөө орон нутагт энэ чиглэлийн боловсон хүчин олныг бэлтгэх шаардлагатай байна шүү дээ. Миний бодлоор КУДС-ийг төгссөн хүүхдүүдэд ажлын байр харьцангуй их олддог юм. Хүүхдүүд хүссэн мэргэжлээрээ сурах хэрэгтэй. Гэхдээ дөнгөж 1-р курсэд орж ирсэн хүүхэд өөрийгөө нээж чадаагүй байдаг л даа. Тиймээс суръя гэснээр нь сургаад, дараа нь хүүхэд өөрийгөө нээж цаашид жүжигчин, найруулагч болох эсэхээ шийддэг юм.
- Хэр дурламтгай байсан бэ?
- Тийм ч дурламтгай байгаагүй ээ.
- Би таны бүтээсэн дүр бүхэнд дуртай. Бас та их сайхан эхнэртэй. Та бодит амьдрал дээр байгаасаа бүр эсрэг ямар дүр бүтээж байсан бэ? Тийм дүр бүтээхэд хэцүү юу? Би “Мануухай” -г үзээгүй л дээ. Гэхдээ энэ жүжиг дээр тийм дүр бүтээсэн байх шиг санагдсан.
- Эсрэг дүр олон ч удаа бүтээж байсаан. Ер нь эерэг ч бай, эсрэг ч бай ямар ч дүр бүтээхэд жүжигчин хүнээс их ур чадвар, хариуцлага шаарддаг юм. Тэгэхээр энэ нь хэцүү, тэр нь амархан байсан гэж ярьж болохгүй л дээ. “Мануухай” жүжгийн хувьд бол амьдрал дээр л байдаг гэр бүлийн харьцааны сайн муу тал, олон янзын ааш араншинг илэрхийлж тоглохыг зорьсон.
- Сайн байна уу? Олон олон залуучуудад үлгэр дуурайлал болсон танай гэр бүлд удахгүй болох сар шинийн мэнд хүргэе. Уранаа эгч та хоёрын дурлалын тань сайхан дурсамжид байдаг таны давс идсэн түүх инээдтэй боловч бахархууштай санагддаг юмаа. Та тэр үед ганцхан Уранаа эгчийн төлөө давс идсэн бол одоо өөрийн гэр бүлийн гишүүдийн тоогоор тэр үеийн хэмжээгээрээ давс идэж чадах уу?
- Чадалгүй яахав. Хайртай хүндээ үнэн сэтгэлээ илчлэхийн тулд тухайн үедээ юу ч хийхээс буцахгүй болдог юм билээ. Яагаад ч юм хоёулаа бие биендээ хайртайгаа илэрхийлэх гээд л, хамгийн ойр байсан юм давс л харагдаж байгаа юм чинь. Тэгээд л аваад халбагаар нь хусаад хаячихсан.
- Өвлийн өвгөн болох, жүжиг кинонд дүр бүтээх 2-ын аль нь хэцүү вэ?
- Өвлийн өвгөн болно гэдэг чинь бас л нэг дүр бүтээж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юунд ч тоглож байсан сэтгэлээсээ л хандах хэрэгтэй гэж боддог.
- Чингисийн тухай монголчуудын хийж байгаа киног сайхан кино болно гэж найдаж, тэсэн ядан хүлээж байна. Та дахиад Хасарын дүрд тоглож байна. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасараас өөр болж чадах болов уу? Илүү сайн гэсэн утгаар асууж байна л даа. Зарим жүжигчид ямар ч дүр бүтээсэн нэг л ижил дүр гаргаад байдаг.
- Хүмүүс урьд нь Хасарын дүрийг бүтээчихсэн болохоор дахиад Хасарын дүрд тоглоход амархан л гэж бодож байгаа байх. Харин жүжигчин хүний хувьд их хэцүү байдаг л даа. Би энэ хоёр Хасарын хооронд асар их ялгаатайгаар тоглосон, өөрийгөө шинэчилсэн гэж бодож байна. Дэлгэцэнд гарахаар нь ямар ялгаатай байна гэдэг нь анзаарагдана. Би өөрөө яг ийм ялгаатай байгаа гээд хэлчихвэл сонирхолгүй болчих байх л даа. Үзэгчид ялгаатай тоглож чадаж уу, үгүй юу гэдгийг анзаарсан эсэхийг би өөрөө эхэлж олж харах хэрэгтэй. Гаднах байдлаараа ч тэр. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасарт 25 настай Жаргалсайхан тоглосон, одоо Хасарт тоглож байгаа Жаргалсайхан бол 40 гарчихсан байна шүү дээ. Насны хувьд ч, оюун санааны хувьд ч огт өөр ертөнц болчихсон учраас ялгаатай болсон байхаа.
- Би драмын жүжиг үзэх дуртай. Хуучны жүжгүүдийн үг бүр нь ухаарал нэмэх шиг санагддаг юм. Харин одоо Б. Лхагвасүрэн гуайн жүжгээс бусад жүжгүүд тийм биш болсон юм шигээ. Яг л шоу үзэж байгаа юм шиг санагддаг. Танд ингэж санагддаг уу?
- Жүжгийн зохиолч ер нь ховор болчихож дээ. Д.Батбаяр, С.Жаргалсайхан, талийгаач Балдорж гээд сайн зохиолчдыг нэрлэж болно. Одоо бичиж байгаа гэвэл Гүрбазар гуай байна. Хүн хэт олон жүжиг бичээд үйлдвэрлэл шиг юм болчихвол хүний оюун ухаан хүлээж авахад ч сонирхолгүй байх болно шүү дээ. Б.Лхагвасүрэн гуайн жинтэй 2,3 бүтээл бий. Жүжгийн зохиолчийг бодлоготойгоор бэлдэх, жүжгийн зохиолын уралдааныг чиглэл, чиглэлээр нь мелодрам, инээдмийн гэх мэтээр ойр ойрхон явуулж, чанаржуулж байх хэрэгтэй. Ийм зүйл байхгүйгээс театрт янз бүрийн чанартай чанаргүй бүтээл гарч байгаа байх. Мөн театр өөрийн урын сангийн бодлогоо маш зөв тодорхойлдог байх хэрэгтэй.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би таны уран бүтээлүүд, дүрийг шимтэн харж, биширч хүндэлдэг. Миний анхны хайрын эзэн ч таньтай их адилхан, бараг л таны залуугийн төрх чинь тэр чигээрээ л гэсэн үг. Би таны залуугийн зургийг нэг харахсан гэж боддог. Асуулт: -Та өөртэйгээ их адилхан хүнтэй танилцахыг хүсэж байна уу? Таны залуугийн дүр уран бүтээлд чинь хэрэг болдог биз дээ. Хүсвэл таньд зургийг явуулж болно. Танай гэр бүлд аз жаргал хүсье.
- Баярлалаа. Танилцаж бололгүй яахав. Мэдээж надтай адилхан гэхээр сонин л санагдаж байна. Ер нь хүмүүс чамтай их адилхан хүн явж байна лээ гэж хэлдэг л дээ. Манай театрын өндөр Түвшин “Намайг таньтай их андуураад байх юмаа, хүмүүс та хоёр ах дүү юу гэж асуудаг юм” гэдэг.
- Монголчуудын гэр бүлийн уламжлал бүр байхгүй болчихлоо. Таны бодлоор орчин үеийн өрхийн тэргүүн ямар байх хэрэгтэй вэ? жинхэнэ монгол эр хүн гэж хэн юм, эр хүний ноён нуруу гэж юуг хэлдэг юм бэ?
- Гэрийн эзэн мэдээж гэр орон, аж амьдралаа айлын дайтай айл шиг л байлгах хэрэгтэй. Мөн өрх гэрийн тэргүүн гэдэг утгаараа юманд маш “зөв” байх хэрэгтэй. Эр хүн гэхээр л сайхан гүндүүгүй, хээ шаагүй гэж ярьдаг. Гэвч энэ нь одоогийн нийгэмд ямар ч зохидолгоогүй болчихсон. Хээгүй, гүндүүгүй эр хүн ер нь энэ нийгэмд яаж амьдрах юм бэ? Тэгэхээр эр хүн гэдэг ажил, амьдрал гээд бүгдийг зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Бас тухайн ажиллаж байгаа газар, улс эх орондоо хэрэгцээтэй бүх зүйлийг хийж амжуулж чаддаг, сайн сайхныг бүтээж чаддаг төгс хүн байх хэрэгтэй. Тэгэхгүй хээгүй гүндүүгүй монгол эр хүн гээд л айргаа уугаад, махаа идээд л суугаад байвал амьдралаа яаж зохицуулах юм бэ, тийм биз дээ?
- Монголчууд агаарын бохирдол, химийн хордлого гээд маш их аюултай тулгарч байна. Үүний эсрэг манай олонд нэрд гарсан жүжигчид дуугаа нэгтгэхгүй юм. Та нарын үг ”Role model”-ынхоо хувьд нийгэмд их жинтэй сонсогдоно доо. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна.
- Ер нь нийгэмд тулгамдаж байгаа асуудалтай холбоотой жүжиг, кино бол байнга л гарч, тоглогддог шүү дээ. Саяхан оны өмнө гэхэд л “Мануухай” жүжигт гэр бүлийнхээ хүнтэй хамт тоглолоо. Гэр бүлийн амьдралд маш их нөлөөтэй жүжиг болсон. Ялангуяа бид хоёрын тоглосон хэсэгт гэр бүлийн амьдралд байдаг, гардаг олон бэрхшээлтэй асуудлыг харуулсан. Эндээс хүмүүс маш их юм олж авч чадсан гэж бодож байна. Миний хэлэх дуртай нэг үг байдаг юм. “Гутамшигт муу үйл үл учралдаж, бадралт сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай” гэж. Энэ бол “Чингис хаан” киноны Хасарын үг л дээ. Ер нь манайхан сайн яваа нэгнийгээ сааруулах гэсэн мэт сонин хэвлэлээр худлаа үнэн юм их цацдаг ш дээ. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэж үг ч байдаг. Би үүний эсрэг муу юм л дандаа битгий байгаасай, сайн зүйл л бий болж байгаасай гэж хүсдэг. Нэг нэгнийгээ л сайхан дэмжиж байх хэрэгтэй. Тэгвэл манай монгол орон хөгжинө. Эвт шаазгай буга барина гэдэг дээ.
- Чи сайхан залуу, сайн ч залуу. Чамайг харахаар үнэхээр эр хүний бүх шинж бүрэлдсэн, монголын маань тэнгэрлэг эрчүүдийн нэг. Уранаа их азтай шүү. Чамайг байнга харж явдаг. Таныг өөрийгөө их зөв үнэлдэг юмуу даа гэж боддог. Би л нэг сайхан залуу гээд л элдвийн хүүхэнтэй орооцолдоод, тэнэг хүүхнүүдийн ярианд ороод, хов живэнд өртөж байхыг би хувьдаа сонсоогүй ээ. Ийм болохоор чинь хүндэлдэг. Гэхдээ хүний амьдралд сайн муу хосолж байдаг хойно чамд эхнэрээсээ өөрийг мэдэрч байсан үе бий юу? Хэрвээ мэдэрч байсан бол ямар байв? Гэхдээ үнэн сэтгэлээсээ шүү. Ажил дээрээ чи дандаа эмэгтэй хүмүүстэй харьцаж байдаг. Сүүлийн үед яагаад эхнэртэйгээ илүү тоглоод байна? Ер нь нэг гэр бүлийн хүмүүс байнга хамт эсвэл гэр бүл болж тоглоод байх нэг л сонирхолгүй юм Хүмүүсийн ярьдаг шиг өөгүй ярих хэрэггүй л дээ. Зөвхөн үнэнд дуртай шүү хүмүүс чинь.
- Жүжиг болон кинон дээр ийм зүйл зөндөө л тохиолдоно шүү дээ. Яг амьдрал дээр бол надад тийм асуудал огт байхгүй ээ. Нэгэнт л сонгосон хань минь юм чинь насан туршдаа л үнэнч байх хэрэгтэй. Эхнэртэйгээ хамт ажиллаж, кино жүжигт тоглох нь хэн хэнд маань сайхан, аз жаргалтай байдаг.
- Танд баярлалаа. Уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн амжилт хүсч танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Түлхүүр үг: зочин, Хасар Жагаа




